Saturday, March 21, 2015

Sleepless night


Шөнө болсон хойно орон дотроо хөрвөөн утсаа оролдон элдвийг эргэцүүлж суух. Унтъя гэвч тархи чинь энэ хүслийг чинь огтхон ч хүлээн авахгүй. Бодолд автах тусам сэтгэл санаа улам тавгүйрч ганцаардлыг бага багаар мэдэрч эхлэх болно. Өрөөнд эргэн тойрон улам л харанхуй болж буй мэт өөрт санагдана. Хүүхэд байхдаа л харанхуйгаас айдаг байсан гэж боддог байлаа. Гэхдээ өнөө шөнийн энэ харанхуй нэг л биш. Хэн ч ганцаардлыг хүсдэггүй ... 

Би яагаад ч юм өөрийгөө ганцаараа байх дуртай гэж боддог байсан. Байсан ч гэж дээ одоо ч гэсэн тийм л дээ. Тодорхой хэмжээгээр үнэний ор байгаа л байх.  Гэхдээ хүн гэдэг амьтан явж явж нэг нэгэнтэйгээ ойр байж нэг нэгнээсээ энерги аван урагшаа тэмүүлдэг болов уу. Ганц хоол тэжээлээс олж авах энерги бус энэхүү бие биенээсээ олж авах энерги нь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ мэт. Хүний нутагт ирсэнээсээ хойш энийг улам л ихээр ойлгож байна. Угийн дуу цөөтэй хүн, дээр нь харь газар. Өөрийгөө улам бүр л хэлгүй дүлий болсон мэт санагдах юм. Зарим өдөр үнэндээ ажлын шаардлагаар л хэд гурван үг амнаасаа унагах. Цөөхөн ч гэсэн хэдэн найз нөхөд эргэн тойронд минь байгаад баярлах юм даа.

Өөрөө өөрийгөө өрөвдөх утгагүй зүйл үү? Албатай юм шиг өөрийгөө тойруулан хана хэрэм босгож, хүмүүсээс зайгаа барьж улам бүр холдсоор эцэс сүүлд нь эзэнгүй арал дээр ганцаараа буй мэт цээж нэг л хоосон. Тийм атлаа хэн нэгэн өөрийн чинь зовж зүдэрч босгосон ханыг чинь нураагаад ороод ирээсэй гэж дотроо битүүхэн хүсэх. Өрөвдөлтэй биш гэж үү. Хааяа өөрийгөө ийм байдалд улам бүр ороод байгаагаа анзаарах юм. Хэн нэгэн хүн хүйтэн ус нүүр рүү минь цацаж буй мэт ямар сул дорой, өрөвдөлтэй болсныг минь нүүрэн дээр минь хэлээсэй гэж бодох. За тэр ч яахав.

Санаа алдахаар ээж маань муу ёр гээд загнадагсан. :санаа алдах:.  Нүдээ аньвал энэ харанхуй байхгүй болчих юм шиг санагдах ... Харанхуй алга болох болов уу???


2015/03/15